Sunday, November 13, 2016

Нүүрэндээ юм гарлаа гээд гоо сайханд очих биш мэргэжлийн эмчид хандах нь чухал

Нүүрэндээ юм гарлаа гээд гоо сайханд очих биш мэргэжлийн эмчид хандах нь чухал
Сүүлийн үед арьсны янз бүрийн харшил, халдвар их гарах болжээ. Тэр дундаа охид, хүүхнүүдийн нүүр бүх улирлаас үл хамааран харшилж улайдаг, янз бүрийн юм туурдаг байна. Иймээс бид Арьсны өвчин судлалын төвийн поликлиникийн эрхлэгч, Арьс, гоо заслын тэргүүлэх зэрэгтэй эмч Ц.Уранчимэгтэй уулзаж ярилцлаа.
Ц.Уранчимэг АӨС - ын төвийн поликлиникийн эрхлэгч
Харшил ямар ямар шалтгаанаас үүсдэг вэ ?
Арьсны гаралтай харшлын өвчнүүд нь дотроо олон янз байдаг.Яг юунаас харшилж байна гэдгээсээ шалтгаалаад өөр өөр төрлийнх байдаг. Эмнийх байж болно. Тухайлбал замбараагүй эмийн хэрэглээнээс харшил үүсч болно.Мөн хоол хүнснээс шалтгаалаад бас арьсан дээр харшил үүсч болно. Хүнсний харшил бол тухайн хүнд  нэгдүгээрт  мэдрэгшил үүссэн байж болно. Хоёрдугаарт хүнсний чанар муу, хэрэглэсэн хүнс нь баталгаагүй,, хугацаа хэтэрсэн, чанаргүй байдлаас мөн харшил төрүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэснээс харшил үүсч болно. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүнээс  бас арьсны харшил үүсдэг. Энэ нь нүүрний тос үсний будагнаас байж болно, Хамгийн элбэг тохиолддог нь үсний будагнаас харшил үүсдэг.Ерөнхийдөө харшлыг үүсч буй байдлаар нь энгийн дерматит, хавьтал харшлын дерматит, хордлого харшлын дерматит гэж ангилж үздэг.
Дерматит гэж юу вэ ?
Дерматит гэдэг нь арьсны үрэвсэл гэсэн үг.Энгийн дерматит гэдэг нь арьсан дээр янз бүрийн хүчил шүлт, бодисууд нүүрэнд хүрэхээр шууд түлдэг.Харшилтай ба харшилгүй аль алинд нь үүсч болно. Хавьтал харшлын дерматит гэдэг нь тухайн арьсанд таарахгүй бүтээгдэхүүн хэрэглээд  арьсан дээр харшил үүснэ.Дахин хэрэглэвэл анх хэрэглэснээсээ хэд дахин илүү харшилна. Хамгийн энгийн жишээ нь үсний будаг,нүүрний тосноос , тос түрхэхэд эхлээд эвгүй мэдрэмж төрнө.Дараа нь улайж захтанадаг. Маргааш нь тэрийгээ давтаж хэрэглэх юм бол харшил нь улам нэмэгдэнэ гэсэн үг.Тухайн илэрч байгаа харшил яг тухайн түрхсэн газраа харшил өгнө гэсэн үг. Зарим тохиолдолд түрхсэн газраасаа халиад бүхэл биеийг хамарч болно. Хордлого харшлын дерматит  нь хүний биед  ямар замаар орсноос шалтгаалан уухаар байж болно,янз бүрийн шүршлэгээр байж болно гэх мэт олон шалтгааны улмаас харшил үүснэ.
Таны арьс улайж, загатнаж бас үрэвсээд ирвэл эмчид хандаарай
Нүүрэндээ харшил авсан байна гэдгээ яаж мэдэх вэ? Шинж тэмдгүүд нь юу вэ?
-Ерөнхийдөө харшил нь өөрөө ямар шинж тэмдэгээр илрэх вэ гэхээр арьс нь улайна , захтнана, үрэвсэнэ, тухайн хүнд ямар нэгэн зовиур илрэнэ.Хүн юунаас  харшилж байна гэдгээ өөрөө анзаарч байх ёстой.Эмч дээр ирэнгүүт ингэсэн байна, тэгсэн байна гээд шууд хэлэх боломжгүй байдаг. Яг юунаас болж харшилж байна гэдгийн мэдэхийн тулд харшлын сорилууд  авч болно. Хүнсний болоод ургамлын тоосонцрын харшлын сорил авдаг.Тэгээд  харшлаа тодорхойлж болдог. Тухайн хүн эм уусан ч юмуу, тос түрхсэн ч юмуу яг ямар шалтгааны улмаас арьс нь улайж байна харшилж байна гэдгээ мэргэжлийн эмчид хандаад зөвлөгөө авах ёстой.
Арьсныхаа төрөл онцлогийг энгийн үед хэрхэн мэдэж болох вэ ?
- Хүний арьс олон төрөл байдаг шүү дээ. Хэвийн,хуурай ,эмзэг мэдрэмтгий, холимог арьс , тослог арьс гэж байна. Холимог арьс нь Т шугамын дух,эрүүгээрээ тослог, хоёр хацраараа хуурай байвал холимог арьс гэж үзнэ.
Хуурай арьс нь ерөнхийдөө маш хуурай, гаднаасаа гялалзаж гялтайхгүй, арьс өөрөө бүрсийсэн өнгө зүс алдагдсан байдаг. Тослог арьс нь тосны булчирхай ихтэй, арьс гялалзаж гялтайж харагддаг. Мөн арьсны нүх сүвүүд тодорсон байдаг. Ийм арьстай хүмүүст батгаших өвчин ихээхэн тохиолддог. Арьсныхаа хэв шинжээ аппаратаар тодорхойлж болно, Хамгийн энгийн аргаар бол мэргэжлийн эмчид үзүүлээд тодорхойлуулж болно. Тухайн хүнд арьсны хэв шинж нь мэдэгддэг шүү дээ жишээ нь үдээс өмнө тос түрхэхэд үдээс хойшоо шингээд алга болчихдог.Нүүр таталдах хорсох шинж илрэнэ. Мөн арьсны өнгөц хэсэг гуужна. Иймэрхүү шинж илэрвэл хуурай арьс гэж үзнэ.Мөн өглөө тос түрхээд салфетканд шингээхэд тос шингэсэн, гялтайж харагдаж байвал тослог арьс болно. Эмзэг мэдрэмтгий арьс бол маш мэдрэг байдаг.Амархан улайж үрэвсэх хандлагатай.
Үсний будаг, нүүрний тосноосоо харшлах тохиолдол элбэг
Арьсныхаа онцлогоос  хамаараад хэрэглэж болох, болохгүй зүйлс гэж байдаг. Танайд буруу бүтээгдэхүүн хэрэглэснээс болж хандаж буй хүмүүс хэр олон байна ?
Манайд хандаж байгаа хүмүүсийг харахад ихэвчлэн харшилтай, харшил нь улирлын шинж чанартай хүмүүс байдаг. Хавар зуны үед ихэвчлэн нарны харшил ,ургамлын тоосонцорын харшил үүсдэг, гоо сайхны  болон  хүнсний харшил нь жилийн дөрвөн улиралд харилцан адилгүй байдаг.Тухайн хүний хэрэглэсэн бүтээгдэхүүнээс шалтгаална. Жишээ нь хумсны будагнаас, тос, крем, үсний будаг болон ахуйн хэрэглээний юмс болох вок,саван,угаалгын нунтгаар харшил үүсч болно.
Харшил халдварладаг уу?
Харшил халдварлахгүй.Арьсны  халдварт өвчин өвчтэй хүнээс болон өвчтэй мал амьтан, муур нохойноос халддаг.Дам байдлаар мөн халдана.Энэ нь өвчтэй хүний хэрэглэж байсан юмс болох дотуур хувцасаа солих, хэрэглэж байсан алчуураар нь арчих байдлаар халдварлана. Мөн хамуу байна. Энэ нь хамууны хачигаар үүсгэгддэг.Мөн дээрх байдлаар халдварладаг.
Батгыг яаж эмчлэх хэрэгтэй вэ? Шалтгаан нь юу байдаг вэ?
Батга нь арьсны идээт өвчний нэг төрөл юм. Шалтгааны хувьд өөр өөр байдаг.Энгийн батга бол залуус хүүхдүүдэд ихэнхдээ тохиолддог.Мөн насны онцлогтой, мөн хоол хүнс, арьс арчилгаатай холбоотой байдаг.Тослог арьстай хүнд илүү батга үүсэх хандлагатай байдаг.Тослог арьсыг буруу арчилснаас үрэвсэн идээлдэг.Тийм учраас арьсаа маш сайн арчлах ёстой.Мөн янз бүрийн халуун ногоотой хоол , архи,пивоноос болж  батга үүснэ. Бэлгийн бойжилтоос ”шилжилтийн нас” болж  мөн батга үүсдэг. Нүүрэн дээр  гарсан батгаа өөрөө шахаж оролдох нь  сорвижилтыг үүсгэдэг.Бас л мэргэжлийн эмчид хандан батгаа тодорхойлуулж зөвлөгөө авах хэрэгтэй.Мөн давхар шинжилгээ өгвөл илүү үр дүнтэй.
Хүмүүс эмчид хандахгүйгээр гоо сайханд очоод батгаа шахуулчихдаг.Энэ нь зөв үү?
Тэр бол шинж тэмдгийн эмчилгээ юм. Батга гараад улайгаад үрэвсчихсэн тохиолдолд арьсыг цэвэрлэж байна л гэсэн үг. Үндсэн шалтгаанаа олж , дэглэм барьж эмчлэхгүй л бол үр дүнгүй байдаг. Тухайн үедээ бохирдол,  үрэвсэл нь эдгэрээд намдана. Гэхдээ тодорхой хугацааны дараа дахичихдаг.
Мэргэжлийн эмчээр эмчлүүлэх юм бол бүрэн эдгэрэх боломжтой юу?
Боломжтой. Тухайн өвчний хүнд хөнгөн үе шатаас нь хамаараад эмчилгээ нь өөр өөр байна.
Сэвх толбыг зуны улиралд оролдох хэрэггүй
Сэвх толбоны талаар?
Сэвх толбо нь арьсны нөсөөт өвчний нэг  төрөл юм. Арьсаа цайруулах ,гуужуулах аргаар эмчилдэг.Мөн сэвх толбыг зуны улиралд ерөөсөө оролдох хэрэггүй. Шалтгаан нь янз бүр байдаг ба жирэмслэлттэй холбоотой үүсч байна уу, нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй байна уу, аль эсвэл дотор эрхтэнээс хамаарч үүсээд байна уу гэдгийг нь олох хэрэгтэй. Эмчлэхэд улирлын шинж чанар ихээхэн чухал байдаг. Эмчлэхдээ зун хаврын улиралд бол нарнаас маш сайн хамгаалах хэрэгтэй. Намар өвөлд нарны идэвжилт багассан үед  эмчлэхэд илүү зохистой байдаг.Мэдээж дотроосоо эмчлэх нь бас чухал.Элэг цөсний үйл ажиллагаа ямар байна гээд бас бус нөлөөлөх юмс байгаа.Дотоод шалтгаан байна уу, гадаад шалтгаан байна уу, гэдгээ тодорхойлох хэрэгтэй.
Хүмүүс эмийн сан ороод хүүхдэд диатиз гараад байнаа гээд  эмийн санчаас зөвлөгөө аваад шууд эм аваад хэрэглэчихдэг. Энэ нь зөв үү?
Буруу. Диатиз нь арьсны  харшлын өвчний эхлэл. Хэрвээ аав ээж хоёр нь хоёулаа харшилтай байвал хүүхэд нь 50% өвчлөх магадлалтай төрдөг.Өвчлөхөд бэлэн байдалтай байна гэсэн үг.Дэглэм сайн баривал гайгүй. Янз бүрийн эм хэрэглээд замбараагүй хооллоод харшил төрүүлэгч байвал диатиз гараад ирнэ.Тэгэхээр мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авах ёстой.
Хүмүүс харшлын өвчлөлийн талаар нарийн мэдэхгүй тохиолдолд эмнэлэг дээр ирээд бухимдах үе байдаг л байх. Ер нь та бүхэн иргэдэд хандаж юу хэлмээр  байна?
Ерөнхийдөө тухайн хүнд ямар нэгэн харшлын шинж илрэх юм бол заавал мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч  эмчлүүлэх ёстой.Яагаад гэвэл хүмүүс дураараа аптекаас эм аваад хэрэглэчихдэг. Өөрсдөө дур мэдээд эмчилгээ хийчихдэг. Нэг хэсэг нь үр дүнгээ өгнө, нөгөө хэсэгт нь үр дүн өгөхгүй бүр хүндрүүлчихээд ирдэг.Зарим тохиолдолд эмчид хандаагүйн улмаас шал өөр эсрэг эмчилгээ хийчихдэг.Харшил биш байхад харшлын тос түрхчих юм бол  харшил нь бүр сэдэрнэ. Мөөгөнцөр хэмээх халдварт өвчин байдаг харшилтай адилхан тууралт өгдөг. Гаднаас нь  харахад харшилтай адилхан учраас мэргэжлийн эмч  л харж байж мэддэг. Мөөгөнцөр нь халдвартай муур, нохой,амьтнаас халддаг.Мөн харшил биш байхад харшлын эмчилгээ хийчих юм бол шинж тэмдэг нь бүдгэрчихдэг. Эмчлэхэд төвөгтэй болж ирнэ. Өөрөөр хэлбэл шинж тэмдэг илрүүлэхэд  төвөгтэй болдог. Тийм болохоор дураараа битгий  эм тариа хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Хоёрдугаарт гэвэл хүнсний бүтээгдэхүүнийхээ хадгалалт,  хугацаа ,чанар аюулгүйн байдал дээр нэлээн сайн анхаарах хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо хамгийн гол нь арьсныхаа хэв шинжийг мэддэг байх ёстой. Хуурай арьстай хүн тослог арьсны бүтээгдэхүүн аваад хэрэглэх юм бол  тухайн хүнд таарахгүй,харшил өгөх тохиолдол  гарна. Нүүрнийхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх ёстой,  бас л хадгалалт хугацааг анхаар.Тухайн хүний сонголт ихээхэн чухал юм.Үнэтэй бүхэн чанартай биш байдаг.Үнэтэй ч гэсэн тухайн хүний арьсанд тохирохгүй бол харшил өгөх талтай. Эмийн бодисын харшлын тухайд бол янз бүрийн харшил ихээхэн байгаа. Бас л замбараагүй эмийн хэрэглээтэй холбоотой үүсч байна.Тухайн хүн нэг эмнээс харшилсан бол дараа дахин хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл  харшил нь дахиад гарчихдаг учраас. Юунаас харшилсан гэдгээ хүмүүс ихэвчлэн тогтоогоод авчихдаг. Ерөнхийдөө харшил өгдөг цөөн тооны эмнүүд байдаг.Сиптрин,парацетмолмөн янз бүрийн антибиотикууд зэрэг эмнүүд нь зарим хүмүүст харшил өгдөг.Эмнээс харшилсан тохилдолд дахиж тэр эмийг хэрэглэхгүй эмчээс зөвлөгөө авч эмчлүүлэх ёстой. Мөн ямар эмнээс харшилтай гэдгээ мэддэг байх шаардлагатай. Яагаад гэвэл тухайн хүн ампцилинээс харшилтай байлаа гэж бодоход ханиад хүрээд өөр эмчид очиход амбцилин бичээд өгөх тохиолдол байдаг. Дахин хэрэглэвэл дахиад илүү их харшилна гэсэн үг юм.

No comments:

Post a Comment